Хуудас · Нийтийн

Бидний тухай

“Монголын Гаалийн Зуучлалын Мэргэшсэн Холбоо” ГҮТББ нь гишүүн байгууллагуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж, нэгдсэн бодлогоор дэмжин, мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилготой.

“Монголын Гаалийн Зуучлалын Мэргэшсэн Холбоо” ГҮТББ нь гишүүн байгууллагуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж, нэгдсэн бодлогоор дэмжиж, гаалийн зуучлагч байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын мэдлэг чадварыг дээшлүүлж, мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэн, нэгдсэн мэдээллээр ханган ажиллах зорилгоор гаалийн зуучлагч байгууллагуудын төлөөллийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан.

Гаалийн зуучлагч байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын үйл ажиллагааны асуудал, бэрхшээлийг нэг компани, байгууллага, хувь хүн холбогдох байгууллагад хандсанаар бүрэн шийддэггүйг та бүхэн сайн мэдэж байгаа.

Энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх, асуудлыг дээд түвшинд хурдан шийдэх гарц болж, гаалийн болон бусад байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төлөөлөл болохын тулд 2009 оноос хойш тууштай ажиллаж ирлээ.

Манай Холбоо нь ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хангах үүрэг бүхий Үндэсний хорооны гишүүн бөгөөд АХБ-аас хэрэгжүүлж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”, “Худалдааг хөнгөвчлөх ба ХАА-н экспортын өрсөлдөх чадвар” төсөл, ДГБ-Швейцарийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр” төсөл болон тодорхой бодлогын асуудлаар холбогдох төрийн яам, гаалийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг билээ.

Бидний үйл ажиллагаанаас

1. Гишүүдийн эрх ашгийг хамгаалах

Өнгөрсөн он жилүүдэд манай Холбооны зүгээс харилцан хамтын ажиллагааны хүрээнд гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх нь хаагдсан 2019 онд 17, 2020 онд 22 аж ахуйн нэгжийн эрхийг сунгаж, хууль журмын дагуу эрх сэргээх давтан сургалтын шалгалт өгч тэнцсэн нэр бүхий 15 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцэж гэрчилгээ авсан ч гаалийн сүлжээнд ажиллах эрх нээгдээгүй 72 хүний ажиллах эрхийн талаар ХЭҮК, ХЗДХЯ, СЯ, УОК, МҮХАҮТ, МҮЭХолбоо, ГЕГ, олон нийтийн телевиз, хэвлэл мэдээлэл, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад удаа дараа хандсанаар шийдвэрлүүлж байлаа.

2. Мэргэжилтний сургалт, боловсон хүчний нөөц

Гаалийн зуучлагч байгууллагуудын хувьд тулгарч буй хүндрэлтэй нэг асуудал нь ажиллах хүчний хомсдол, боловсон хүчний нөөц юм.

2024 онд ГЕГ болон бусад холбогдох салбар нэгжид албан бичгээр хүсэлт гарган, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны сургалт явагдаж, 50 гаруй компанийн 100 орчим ажилтан хамрагдсан байна.

Дахин ГБМ-ний анхан шатны сургалт явуулах талаар Холбооны зүгээс холбогдох бүхий л байгууллагатай удаа дараа уулзалт хийж, албан бичгээр ГЕГ-ын удирдах албан тушаалтан болон холбогдох албанд хандан, 100 гаруй компанийн 200 орчим ажилтныг хамрууллаа.

ГБМ-ний давтан сургалтад 60 компанийн 150 гаруй ажилтан хамрагдсан байна.

2024–2025 онд эрх ашиг нь хөндөгдсөн 25 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг хамгаалж, гаалийн байгууллагад албан бичиг болон бусад хэлбэрээр хандаж, асуудлыг шийдвэрлэлээ.

Олон улсын хамтын ажиллагаа

2026 он гарснаар МГЗМХ нь Олон Улсын Гаалийн Зуучлагчдын Холбоо /IFCBA/-ны гишүүнчлэлд элсэн, батламжаа хүлээн авч, Монгол улсаа төлөөлөн оролцох олон улсын гаалийн зуучлалын эрх зүйн орчин бүрдлээ.